Өнчин гөлөгний арчилгаа, хооллолт, эрүүл мэнд
Шинээр мэндэлсэн гөлөгнүүд янз бүрийн шалтгааны улмаас эхээсээ өнчирч хоцрох нь бий. Эх нохойн сүү боловсрохгүй байх, гөлөгөө голох, эсвэл ховор тохиолдолд эх нь өвчний улмаас, гэнэтийн осол аваар зэргээс болж эндэхэд гөлөгнүүд өнчин үлдэнэ. Өнчин хоцорсон гөлөгнүүдийг өсгөх нь цаг хугацаа, байнгын анхаарал халамж их шаарддаг боловч хариуд нь та хэмжээлшгүй их хайр, сэтгэл ханамж, баяр баяслыг мэдрэх болно.
Гөлөгнүүд төрөөд эхний хэд хоногт нь зарим хүндрэл, асуудлууд үүсч болзошгүйг анхаарах ёстой. Нялх гөлөгнүүд их эмзэг байдаг бөгөөд эхийн дулаан болон шим тэжээлийн дутагдлаас шалтгаалж дараах аюултай шинж тэмдэгүүд үүсвэл тэр дор нь яаралтай шийдэх шаардлагатай.
Үүнд: Hypothermia - Биеийн температур буурах
Dehydration - Шингэний дутагдалд орох
Hypoglycaemia - Цусан дахь сахарын хэмжээ багасах
Эдгээр эмгэгүүд нь хоорондоо нягт уялдаатай байхын зэрэгцээ нэгэн зэрэг илэрдэг. Гөлөгнүүдэд байнгын ажиглалт хийж, хэрэв аль нэг гөлөг нь хоолонд дургүй байх мөн идэвхгүй сул байвал цаг алдалгүй түргэн тусламж үзүүлснээр амь эрсдэхээс сэргийлнэ.
Биеийн дулаан буурах:
Хэрэв гөлөгний биеийн температур хөрөх, бие нь хүйтэн байвал яаралтай туслах шаардлагатай. (Эх нохой нь гөлөгнүүдийн биеийн дулаанаа хадгалахад тусалдаг)
Гөлөг нь нас биед хүрсэн нохойноос илүү хурдан биеийн дулаанаа алддаг. Өнчин гөлөгнүүдэд дулаанаа хадгалахад өөр дулаан зүйл хэрэгтэй. Инкубатор, халуун гэрэл, халаасан дэвсгэр, халуун устай шил зэргээр дулааныг орлуулж болно. ( Альваа халаалтыг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Хэт хурдан халаавал халуунд эмзэг болж өсөх магадлалтай.)
Төрөөд эхний 4 өдрийн турш орчны температур нь 29.4-32.2 хэм байвал зохино. 7-10 дахь хоногт нь 26.7 хэм болтол бууруулж, 4 дэхь долоо хоногийн сүүлчээр 22.2 хэм болтол бууруулах нь зүйтэй. Хэрэв олон гөлөг төрсөн бол температур нь хэт өндөр байх шаардлагагүй, гөлөгнүүд хоорондох хосолсон дулаан нь нэмэлт дулаан болж өгдөг.
Шингэний дутагдалд орох:
Тогтмол шингэн уухгүй байх эсвэл чийгшил багатай орчин нөхцөлд амархан шингэний дутагдалд орно. Бие хөрөх, биеийн дулаан алдагдах, хоол боловсруулах, бодисын солилцооны дутагдалд орох нь шингэн алдалт болон бусад өөрчлөлтөнд хүргэж болзошгүй. Шинээр төрсөн гөлөгний арьсыг хуурайшихаас урьдчилан сэргийлэхийн тулд хүрээлэн буй орчны чийгшил нь 55-65% байх. Жижиг биетэй, сул дорой гөлөгнүүдийн орчны чийгшил 85-90% байвал зохино. Орчны чийгшилийг хадгалахын тулд гөлөгнийхөө ойролцоо чийгтэй алчуур тавьж өгнө. Эх нохой гөлөг болон өөрийгөө байнга долоодог бөгөөд энэ нь чийглэг орчныг бүрдүүлдэг байна. Мөн хөхөө хөхүүлэх үед тэр орчинд чийгтэй байдаг.
Шингэн алдагдаж буйг илтгэх 2 гол үзүүлэлт бол : Арьсны уян хатан чанар, аманд нь хуурай наалдамхай салст бүрхэвч үүссэн байх зэрэг юм. Хэрэв эдгээрийн аль нэг шинж тэмдэг илэрч байвал эмчид хандах хэрэгтэй.
Цусан дахь сахарын хэмжээ буурах:
-Сэтгэлийн хямралд орох ( удаан хөдөлгөөнтэй, унжгар болох),
-Булчин зангирах, татах
-Таталт өгөх
Хэрэв эдгээр шинж тэмдэгүүд илэрвэл, хэдэн дусал чихрийн уусмал ( сахартай ус), зөгийн балыг хэлэн дээр нь дусааж, яаралтай эмчид хандах шаардлагатай.
Хэрхэн хооллох:
3-4 долоо хоног хүртэл нь зориулалтын, (бүх төрлийн амин дэм орсон сүү орлуулагч) сүүг найруулж угжина. Үнээний сүүгээр хооллох нь тохиромжгүй. Учир нь нохойн сүүтэй адил амин дэм агуулдаггүй, гөлөгнүүдийн өсөлтөнд нөлөөлөх калори, кальци, фосфор нь үнээний сүүнд хангалттай байдаггүй. Мөн үнээний сүү нь гэдэс гүйлгэх буюу шингэн алдахад хүргэж болзошгүй.
Сүүгээр угжихдаа зааврын дагуу тохирсон хэмжээтэй хооллох, угжны саваа сайтар угааж ариутгах, мөн угжны хөхний нүх зөв хэмжээтэй эсэхийг шалгаарай. Угжаа доош харуулж барихад сүү нь удаан гоожиж байвал тохиромжтой гэсэн үг. Хэрэв нүх нь хэт том бол сүү хурдтай асгарч, амьсгалахад нь саад учруулна. Нүх нь хэт жижиг бол хооллох сонирхол нь буурна.
Гөлөгнүүдээ 2-3 цаг тутамд угжаар хооллоно. Дөнгөж төрсөн гөлөг нь биеийн дулаанаа зохицуулах чадваргүй байдаг тул сүүг халааж өгнө. Гөлөгийг угжихдаа доош харсан байрлалаар
угжина. Дээш нь харуулж угжиж болохгүй, уушгинд сүү орох аюултай. Мөн хэт хурдан угжиж болохгүй бөгөөд хахах, амьсгал боогдоход хүргэж болзошгүй. Цадтал нь хооллож дуусаад мөрөн дээрээ тавьж, хихрэх хийгээ гаргах хүртэл нь зөөлөн, удаанаар нурууг нь илж өгнө.
3-4 долоо хоногтойгоос ус ууж, зориулалтын нойтон хоол идэж эхэлнэ. Эсвэл зориулалтын хуурай хоолон дээр бага зэрэг ус хийж зөөллөж өгж болно.
Гөлөг нь анх төрөхдөө сохор, ихэнхдээ дүлий, шүдгүй төрдөг. Ихэвчлэн 10-14 хоногтойдоо нүдээ нээдэг. Тэдний нүд ихэвчлэн бүдэг саарал, шар бор өнгөтэй сайн харж чадахгүй байдаг. Нүдний хараа нь аажмаар сайжирч 8-12 долоо хоногтойгоос нүдний өнгө нь хувирч жинхэнэ өнгө нь гарч ирнэ.
Эхний 2-3 долоо хоногт гөлөгнүүдэд шээж, баахад нь туслах хэрэгтэй (Эх нохой тэдний бэлэг эрхтэн орчмыг долоож өтгөн, шингэнээ гадагшлуулахад нь тусалдаг). Хооллосны дараа хөвөнг бүлээн усаар норгоод анус болон бэлэг эрхтэн орчмыг үрж арчиж өгөх хэрэгтэй. Хэрэв үүнийг хийхгүй бол гөлөгний өтгөн хатах аюултай.
Хэзээ өөрөө бие даан хооллож сурах вэ?
Нүдээ бүрэн нээсний дараа сүүг хавтгай тавганд хийж, хуруугаараа сүүнээс аманд нь түрхэж өгөх, эсвэл хамрыг нь сүүрүү ойртуулах зэргээр бага багаар зааж өгнө. 3 долоо хоногтойгоос сүүтэй хамт бор хоол тавагнаас идэж эхэлнэ. Бор хоолны идэх хэмжээ ихсэх тусам сүүний хэмжээг багасгана. 4-5 долоо хоногтойдоо зориулалтын хуурай хоол идэх чадвартай болсон байна.
2-3 долоо хоногтойгоос туулга уулгаж эхлэнэ. Эхний вакцинийг 8 долоо хоногтойд хийлгэх нь тохиромжтой. Анхны ороо орохоос өмнө буюу 6 сартайгаас нь үржил хаалгах мэс засал хийлгэснээр нохойнд тохиолддог зарим төрлийн хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг байна.
Comments
Post a Comment