Өнчин муурын зулзаганы арчилгаа, асаргаа
Эх муур янз бүрийн шалтгааны улмаас зулзагануудаа өсгөх, халажлах чадваргүй болдог. Эх муурын хөхөнд сүү орохгүй байх, эсвэл зан араншин, сэтгэл зүйн хувьд хэвийн бус болох, ховор тохиолдолд гэмтэж бэртэх, төрөхийн хүндрэлээс болж амь эрсдэх зэргээс шалтгаалж зулзаганууд өнчин үлдэнэ. Зарим зулзаганууд хэдэн долоо хоногийн настай болсоны дараа эх муур асарч халамжлах чадваргүй болох тохиолдол ч бий. Өнчирсөн зулзагануудыг өсгөх нь цаг хугацаа, сэтгэл зүрх их шаарддаг боловч дөнгөж төрсөн цагаас нь хүний гараар эрүүл саруул өсгөх бүрэн боломжтой юм. Нэг зулзага өсгөх эсвэл олон зулзага өсгөж арчлах нь ялгаагүй адил болно. Зулзагануудыг тогтмол хуваарийн дагуу хооллох, мөн тоглох, унтах зэрэгт тохиорсон эрүүл, аюулгүй, цэвэрхэн орчин нөхцөл шаардлагатай.
Дөнгөж төрсөн зулзагануудыг өсгөхөд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
~Эрүүл хооллолт
~Ариун цэвэр
~Орчны температур болон чийгшил
~Өвчнөөс урьдчилан сэргийлэх
~Хүмүүжил, нийгэмшил
Эрүүл чийрэг зулзага бие бялдрын хувьд чанга, дулаан, тайван, ихэвчлэн унтаж байдаг. Харин эрүүл мэндийн хувьд асуудалтай зулзаганууд булчингийн хөгжил сул, хөдөлгөөнтэй, уйлах нь их байна. Хэрэв тусламж үзүүлэхгүй бол комд орох, эсвэл сул дорой болж өснө.
Арчилгаа: Боломжтой бол зулзагыг төрснөөс 12 цагийн дотор эхийн ангир уургыг амлуулах ёстой. Төрснөөс хойш 24 цагын дотор эхийн ангир уургаар биеийн дархлаа тогтдог байна. Зулзагуудыг угжаар эсвэл шприцээр хооллож болно гэхдээ угжаар хооллосон нь илүү аюул багатай. Хэрэв зулзага угж хөхөх чадваргүй бол, эмчийн зааврын дагуу шприцээр маш болгоомжтой хооллоно. Учир нь сүү уушиг руу орж амь эрсдэх аюултай. Эсвэл өөр эх муураар хөхүүлж, асруулж болно. Хэрэв өөрийн зулзагатай нь хэмжээгээр ижил бол ихэвчлэн хүлээж авдаг. Гэвч давхар заавал угжаар хооллох ёстой. Зулзагыг угжаар хооллохдоо доошоо харсан чигээр нь маш болгоомжтой угжина. Дөнгөж төрсөн зулзаганууд өөрөөрөө бие засах чадваргүй байдаг учир угжих бүрийн дараа хөвөнг бүлээн усаар норгож шээх, баах сүв орчмыг 1-2 минутын турш үрж арчиж, цочроож өгнө. Зарим зулзаганд хооллохын өмнө, зарим нь хооллосны дараа цочроох нь үр дүнтэй байдаг байна. Мөн зулзага бүрийг хооллосны дараа мөрөн дээрээ тавьж, хихрэх хүртэл нь нуруун дээр нь зөөлөн илж өгнө. Ихэнх зулзаганууд 3 долоо хоногтойгоос өөрөө бие засах чадвартай болдог. Өтгөн болон, шээсийг ажигласнаар хооллолт нь тохирч буй эсэхийг хянах боломжтой. Шээсний өнгө нь цайвар шаргал эсвэл тунгалаг байвал хэвийн, харин бараан, улбар шар байвал хангалттай хооллоогүй гэсэн үг. Нэг удаа их хэмжээгээр угжих бус, хооллох давтамжыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Баас нь цайвар болон бор хүрэн өнгөтэй байна. Ногоон өнгөтэй байвал халдвар авсныг, мөн хэт хатуу байвал хооллолт хангалтгүй буйг илтгэнэ (нэг дор их хэмжээний сүүгээр угжих биш, угжих давтамжыг нэмэгдүүлэх). Хоол нь ихэдвэл гэдэс дүүрэх, гулгих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хооллолт: Амин дэм, эрдэс бодисоор баялаг, зориулалтын сүү орлуулагчаар зааврын дагуу найруулж угжина. (дан үнээ болон ямааны сүүгээр хооллож болохгүй). Зөвхөн тухайн өдөрт нь хэрэглэх хэмжээгээр найруулж хөргөгчинд хадгална. Сүүг халааж, бүлээн сүүгээр угжина. Угжих бүртээ угжны савыг сайтар угааж хатаана.
1 долоо хоног болон түүнээс доош настай: 2-3 цаг тутамд (өдөрт 8-12 удаа), нэг удаад 3-4 мл-ээр угжина. Биеийн жин нь 150-250 гр байна.
2 долоо хоногийн настай: 3 цаг тутамд (өдөрт 8 удаа), нэг удаад 5-6 мл-ээр.
Биеийн жин 250-350 гр байна. (Энэ үед нүд нь бүрэн нээгдсэн байна)
3-4 долоо хоногийн настай: 4 цаг тутамд (өдөрт 6 удаа), нэг удаад 13-17 мл.
Биеийн жин 350-450 гр байна.
4-5 долоо хоногийн настай: Ус болон нойтон зөөлөн хоол өгж эхлэнэ. Мөн өдөрт 3 удаа сүүгээр угжина. Зулзаганууд энэ үеэс эхлэн өөрснөө зориулалтын элсэн дээр бие засаж сурна.
Биеийн жин 550-650 гр орчим байна.
6 долоо хоногтойгоос сүүнээс гарч нойтон, зөөлөн хоол иднэ. Байнгын ус болон хоолоор хангаж өгнө. Биеийн жин нь ойролцоогоор 650-750 гр байна.
7-н долоо хоногтойгоосоо зориулалтын хуурай хоол идэх бүрэн чадвартай болно. Байнгын ус, хоолооор хангаж өгнө. Биеийн жин нь 750-850 гр хүрсэн байна.
Биеийн жин нэмэгдэхгүй бол хоолны хэмжээг ихэсгэх хэрэгтэй. Хэрэв гэдэс нь гүйлгэж, шингэн алдаж байвал хоолны хэмжээ ихэдсэн байж болзошгүй.
Орчны дулаан болон чийгшил: Эрүүл муурын зулзага өсгөхийн тулд өрөөний температур тохирсон байх ёстой. Нялх зулзаганууд биеийн дулаанаа зохицуулах чадваргүй байдаг тул инкубатор, халдаг гэрэл, зориулалтын халдаг дэвсгэр зэргийг ашиглан биеийн дулаанаа хадгалахад туслах хэрэгтэй. Нэмэлт халаагуур ашиглахдаа анхаарал болгоомжтой хандах, хэт халаахас сэргийлэх нь зүйтэй. Төрөөд эхний долоо хоногт орчны дулаан 29-32 хэм, дараагийн 3 долоо хоногт 24 хэм хүртэл бууруулана. Хэрэв зулзаганууд бие биедээ наалдсан, давхралдсан байвал даарч буйн, бие биенээсээ хол зайтай байвал хэт халуун, бие биетэйгээ зэрэгцээ байвал орчны температур хэвийн байгааг илтгэнэ. (өрөөний орчин хэт хуурай байвал хажууд нь бүлээн усаар норгосон алчуур тавьснаар орчныг чийглэг болгоно). Дэвсгэр, хэвтэрийг өдөр бүр сольж цэвэрхэн орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Нийгэмшүүлэх: Муурын зулзагыг 3-6 долоо хоног настайгаас өрхийн гишүүдтэй харицаж эхлүүлэх нь чухал. Тэрээр нялх зулзага хэвээр байгаа тул анхаарал болгоомжтой хандах ёстойг санаарай. Мөн шинэ хүмүүс болон бусад гэрийн тэжээвэр амьтадтай танилцуулж эхлэх хэрэгтэй. Эрт нийгэмшүүлэх, амьдарч буй орчин тойрон нь аюулгүй гэдгийг мэдрүүлснээр ирээдүйд гарч болзошгүй олон зан араншингийн асуудлаас урьдчилан сэргийлэх болно. Өдөрт доод тал нь 30-40 минутыг тэднийг эрхлүүлэх, тэдэнтэй тоглох зэргээр цагийг хамтдаа өнгөрүүлээрэй.
6-8 долоо хоногтойгоос эхлэн туулга болон вакцинд хамруулсанаар олон төрлийн өвчин эмгэгээс сэргийлэх болно.
Comments
Post a Comment