Гөлөгийг эхээс нь салгаж үрчлүүлэх хамгийн тохиромжтой үе
Шинээр мэндэлсэн гөлөгнүүд доод тал нь 2 сар хүртлээ эхтэйгээ хамт байх ёстой. Энэ нь гөлөгнүүдийн сэтгэл зүй болон бие бялдар хөгжих хангалттай хугуцаа гэж үздэг.
Судалгаагаар эхтэйгээ 60 хүртэлх хоног хамт байсан гөлөгнүүд нас биед хүрэхээрээ зан араншин тогтвортой, айдас багатай, хоол болон тоглоомонд хэт донтохгүй мөн хамаагүй бага хуцдаг болж өсдөг байна. Хэрэв та шинээр гөлөг авч байгаа бол (онцгой нөхцөл байдлаас бусад) дор хаяж 8 долоо хоногийн нас хүрсэн үгүйг шалгаж байж авна уу. Үүнээс эрт, эх болон бусад гөлөгнүүдээс салгах нь дараа нь нийгэмшүүлэхэд олон асуудал үүсдэг байна.
Гөлөгнүүд дөнгөж төрөөд эхний 4 долоо хоног эхээсээ бүрэн хамааралтай, дан хөхөөрөө хооллодог, дараа нь 7-8 долоо хоног хүртлээ хэсэгчлэн хөхөөрөө хооллодог. Ихэвчлэн 1 сар хүрэхээрээ зориулалтын нойтон хоол идэж эхлэнэ. Гэхдээ эхийнхаа асаргаан дор дахиад хэдэн долоо хоног байх шаардлагатай. 6-7 долоо хоногийн настайгаасаа хуурай хоол идэх чадвартай болно. Гөлөгнүүдийг хөхнөөсөө бүрэн гараагүй байхад эхээс нь салгахгүй байх маш чухал. Учир нь эхийн сүү шаардлагатай бүх эрдэс бодисоор хангаж биеийн дархлааг бэхжүүлнэ.
Нийгэмших: Гөлөг нь өөрийн ах дүү бусад гөлөгнүүд болон эхтэйгээ хамт байх хугацаандаа хэрхэн нохой байх талаар олон зүйлийг суралцдаг. Жишээ нь: хэрхэн бусдыг гэмтээхгүйгээр тоглох, өөрийнх нь ээлж ирэхийг хүлээх, ээлж дарааллаараа хооллох, бусадтайгаа хэрхэн зөв харьцах г.м
Энэ нь 8 долоо хоног хүртэл эх болон бусад гөлөгнүүдтэй хамт байлгах бас нэгэн шалтгаан юм.
Гөлөгийг эхээс нь хэт эрт салгах: зан араншин, сэтгэл зүй болон сахилга батад нь сөрөгөөр нөлөөлдөг байна. Хүн болон бусад нохойтой харьцахдаа харгис ширүүн, эзнийхээ гарыг хэт чанга өвттөл хазах, эсвэл хэтэрхий аймхай, ноомой байдал зэрэг нь хангалттай хугацаанд эхтэй нь хамт байлгаж нийгэмшүүлэгүйтэй холбоотой.
Онцгой нөхцөл байдалд: зарим тохиолдолд эхээс нь эрт салгах зөв зүйл болдог. Хэрэв та гудамжинд төрсөн гөлөгнүүдэд туслаж үрчилж авах, эсвэл сайн эзэн олж өгөх гэж байгаа бол 4-7 долоо хоногтойд авсан нь дээр. Учир нь гөлөгнүүдийн нийгэмших үед эх нохой гөлөгнүддээ хүнээс айх болон хол байхыг зааж сургадаг. Тиймээс зөвхөн онцгой тохиолдолд эрт эхээс нь салгаж шинэ гэр орон, шинэ амьдрал бэлэглэх нь зүйтэй.
Comments
Post a Comment