Герман хоньч нохой (German Shepherd)-н арчилгаа, хооллолт, элбэг тохиолддог өвчин эмгэг
Герман хоньч, энэ үүлдрийн нохойг эхэндээ мал хариулуулах зорилгоор үржүүлдэг байсан бол одоо цагт ихэвчлэн цагдаагийн алба, зэвсэгт хүчинд ажилладаг нохой болгон ашиглаж байна. Тэд маш үнэнч, ухаалаг, байнгын идэвхитэй хөдөлгөөнтэй байх дуртай, тиймээс сургахад хялбар байдаг. Эрч хүчтэй, амархан уйддаг, өдөр бүр дасгал сургуулалт хийх шаардлагатай байдаг тул түүнд нь тохирсон орчин нөхцөл, хангалттай том талбай, урд нь нохой тэжээж байсан туршлагатай айл өрх, эзэд тохирно.
биеийн хэмжээ | том |
биейин өндөр | 58-63 см |
биеийн жин | 35-43 кг |
дундаж наслалт | 10+ жил |
өдөрт хийх дасгал хөдөлгөөн | 2 цаг (доод тал нь) |
үсний урт | дунд |
German Shepherd - гайхалтай, их алдартай үүлдэр боловч тэдний биеийн хэмжээ болон эрч хүчтэй байдлаас шалтгаалж бүх гэр бүлд тохирохгүйг анхаарна уу. Хэрэв та энэ үүлдрийн нохой авахаар шийдсэн бол тэдэнд зарцуулах хангалттай цаг завтай байх, өдөр бүр тэдэнд хэрэгтэй дасгал хөдөлгөөнөө хийх боломжоор хангахад бэлэн байх шаардлагатай.
Хуцах: Бусад ноходын адил хуцах хандлагатай байдаг. Мал хариулах болон хамгаалах зорилгоор үржүүлж байсан учир гэрт тань хүн орох, гарах, хажуугаар өнгөрөх зэрэгт дуу чимээ өгнө. Гэвч хэр их хуцах нь нохой болгонд өөр. (хэрэв хэт их, байнга хуцаад байвал нохой сургагчаас зөвлөгөө авсан нь дээр)
Сургах болон нийгэмшүүлэх: Наснаас нь үл хамааран нохойг үрчилж авахдаа тэднийг аюулгүй, аз жаргалтай байлгахын тулд тодорхой хил хязгаартай байх, гэр бүлийн бүх гишүүд ижил дүрмийг баримтлах ёстой. Нохой сургахын гол түлхүүр нь тууштай байх юм. Герман хоньч үүлдрийн нохой эзэддээ маш үнэнч, гэр бүлээ хамгаалах байгалийн зөн совин нь өндөр хөгжсөн байдаг тул (хэт хамгаалсан) түрэмгий зан авиртай болохоос урьдчилан сэргийлж гөлөг байхаас эхлэн сайн сургах, хүмүүс болон бусад амьтад, хүрээлэн буй орчин тойронтой нь нийгэмшүүлэх хэрэгтэй. Ганцааранг нь олон цаг үлдээхгүй байхыг хичээгээрэй. (Ямарч нохойг 4-с илүү цаг ганцааранг орхих хэрэггүй). Хэт удаан хугацаагаар орхивол нохой тань таны төлөө санаа зовох болно.
Дасгал, хөдөлгөөн: Герман хоньч нохой бол маш их эрч хүчтэй, байнгын идэвхи хөдөлгөөнтэй байх нь тэднийг аз жаргалтай болгодог. Мөн уйдсанаасаа болж хуцах эсвэл гэрийн тавилгыг хазах, мэрэхээс сэргийлнэ. Хөдөлгөөний дутагдал нь нохойн зан авир өөрчлөгдөхөд хүргэдэг. Өдөрт доод тал нь 2 цаг дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Үүнд: аюулгүй орчинд алхах, хөтөлгөөгүй сул чөлөөтэй гүйх, давхих, тоглох зэрэг олон зүйл багтана. Хэрэв та ихэнх цагийг гадаа өнгөрүүлэх дуртай бол герман хоньч нохой танд тохирох гайхалтай үүлдэр юм.
Үс арчилгаа, ариун цэвэр: Энэ үүлдрийн нохойн үс өтгөн зузаан учир гуужиж ихээр унадаг. Жилдээ 2 удаа үс нь гуужиж шинээр ургана.Үүнд нь бэлтгэлтэй байгаарай. Хэрэв та харшилтай бол, гэр орон, орчин тойрондоо нохойн үс байхыг хүсэхгүй бол энэ үүлдрийн нохой таньд тохиромжгүй. Долоо хоногт 3-4 удаа үсийг нь самнаснаар ширэлдэхээс сэргийлж мөн илүүдэл сул үсийг авна. Арьс нь их эмзэг байдаг тул байнгын усанд оруулах шаардлагагүй. 4-5 сард 1 удаа усанд оруулахад болно. Биерхүү том биетэй учир мал эмнэлэг дээр аваачиж усанд оруулсан нь дээр.
Хүүхэдтэй хэр зохицох: Нас биед хүрсэн герман хоньч нохой хэрхэн сургаж нийгэмшүүлснээс шалтгаалж хүүхдэд тайван, хүлээцтэй ханддаг. Бүх насны хүүхдүүдтэй гэр бүлд зохицдог, хүүхдэд ээлтэй сайн нохой байж чаддаг. Гэхдээ бага насны хүүхдийн дэргэд нохойг байнга харж хянаж байх ёстой. Та нохойныхоо сэтгэл түгшсэн, тавгүй байгаа шинж байдлыг мэддэг байснаар үүсч болзошгүй аюулаас сэргийлж болно. Герман хоньч нь танихгүй хүнтэй тийм ч нөхөрсөг биш учир хараа хяналтгүй үлдээх хэрэггүй. Анхлан шинээр гадны хүнтэй танилцуулахдаа болгоомжтой байх (энэ нохойн талаар сайн мэддэггүй хүүхэд болон хүмүүс).
Бусад тэжээвэр амьтадтай хэр зохицох: Тайван, тэвчээртэй нохой болгон хүмүүжүүлэхийн тулд гөлөг байхаас нь сайн сургах, бусад нохой болон тэжээвэр амьтадтай багаас нь харьцуулж, нийгэмшүүлэх шаардлагатай. Зарим нь нас хөгшрөх тусам бусад нохойд дээрэлхүү харьцах хандлагатай байдаг боловч зохих анхаарал халамж, сургаж нийгэмшүүлсэнээр ийм асуудал үүсэхгүй. Герман хоньч өөр амьтадтай хамт өсгөхөд ихэвчлэн бэрхшээл үүсдэггүй. Гөлөг байхаасаа муур эсвэл бусад жижиг амьтадтай өсөөгүй бол тэднийг араас нь хөөж гүйх гээд байдаг тул нас биед хүрсэн хойно нь жижиг амьтадын хажууд байхад анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Хооллолт: Хоолны хэмжээ наснаас хамаарч өөр өөр байна. Нохойгоо эрүүл чийрэг, урт удаан наслуулахын тулд нохойндоо бүрэн тэнцвэртэй, шим тэжээллэг, зориулалтын хоол өгөөрэй. (2-3 сартай гөлөгийг өдөрт 4 удаа, 3-6 сартайг өдөрт 3 удаа, 6+ дээш сартай болон нас бие гүйцсэн нохойг өдөрт 2 удаа хооллоно). Өдөр бүр тогтсон нэг цагт хооллохыг хичээгээрэй. Хэрэв та нохойгоо сургахдаа амттан (treat) ашигладаг бол өдөрт өгөх хоолны хэмжээг багасгана. Амттан нь өдөрт хоол хүнснээс авах илчлэгийн 10%-с хэтрэхгүй байх ёстой. Хоол идсэний дараа болон дасгал хийхийн өмнө нохойгоо салхилуулж бие засуулахаа мартуузай.
Хэрхэн зөв хоол сонгох вэ? Шошгон дээрээ "Complete" гэсэн бичигтэй хоол нь нохойнд шаардлагатай бүх амин дэм, тэжээлийн бодисыг агуулсан байдаг.
~ Таны сонгосон хоол насанд нь тохирсон байх ёстой. Жишээ нь гөлөг, нас бие гүйцсэн нохойн хоол эсвэл хөгшин ахмад настай нохойн хоол гэх мэт. Аврага том биетэй нохой, байнгын идэвхи хөдөлгөөнтэй нохой, эсвэл жингийн илүүдэлтэй, хээлтэй зэрэг тус бүрд нь тохирсон хоолыг сонгоорой.
❌Хориглох хоол хүнс: Яс болон хүний хоолны үлдэгдлээр хооллохгүй байхыг малын эмч нар зөвлөдөг. Мөн шоколад, усан үзэм, үзэм зэрэг нь нохойд хор болдог учир өгч болохгүй.
~ Хүний иддэг хоол нохойн хоолны тэнцвэрийг алдагдуулж илүүдэл жинтэй болгох магадлалтай.
Хүний хоол- нохойд тань илүүдэл калори болдог бөгөөд өөх тос ихтэй хоол ходоодыг хямрааж өвчлүүлнэ. Хэрэв та өөрийнхөө иддэг хоолноос өгөөд байх юм бол таныг хоолоо идэх үед чинь янз бүрийн ааш авир гаргана, учир нь тэдний хооллох цаг хэмээн буруу ойлголт авсантай холбоотой.
Яс- хоолойд нь тээглэх, мөн ясны хэлтэрхийнүүд түгжрэл үүсгэж, ходоод гэдсийг гэмтээх аюултай.
Буруу хоолны дэглэм нь таргалалт, насан туршийн эрүүл мэндийн асуудалтай болгож болзошгүйг анхаарна уу! Илүүдэл жинтэй байх нь хор хөнөөлтэй бөгөөд янз бүрийн өвчний эх үүсвэр болно. Зөв хооллолтыг тохирсон дасгал хөдөлгөөнтэй хослуулснаар нохой тань эрүүл чийрэг, зөв биеийн галбиртай байх болно.
Нийтлэг тохиолддог өвчин, эмгэг: Нохойг үрчилж авахаасаа өмнө эцэг эх нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхийг шалгаж байж авснаар гөлөг нь доорх өвчин эмгэг тусах магадлал буурна.
Аарцагны ясны хөгжлийн гажиг (Hip dysplasia)
Шалтгаан: Эцэг эхээсээ өвлөн авдаг төрөлхийн эмгэг бөгөөд ташааны ухархай хэт сул болж гуяны ясанд гэмтэл учруулдаг. Яваандаа үе мөчний үрэвсэлд хүргэнэ. (Нохойг үржүүлэхийн өмнө x-ray-р харж шалгах).
Гөлөгөнд 4-н сартайгаас шинж тэмдэг илэрч цаашид бүр дорддог.
Шинж тэмдэг: Хурдацтай жин нэмэх, зогсоход бэрхшээлтэй болох, доголох, алхах юумуу гүйхдээ 2 хөлөө зэрэг ашиглах (туулай шиг), гүйх давхихаас дургүйцэх, шатаар гарахаас татгалзах, түрэмгий авир гаргах, ялангуяа ташаа орчимд нь хүрэхэд уурлах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандаарай.
Өвдөгны ясны хэвийн бус хөгжил (Elbow dysplasia)
Шалтгаан: удамшлын, өсөлт хөгжлийн доголдол, хоол тэжээлийн дутагдал. 4-9 сартайгаас шинж тэмдгүүд илэрнэ.
Илрэх шинж тэмдэгүүд: Өвдөгний үе хүчтэй өвдөх, тэр хэсэгт мэдээгүй болох, хөших, хавдах, үений орчимд шингэн хуримтлагдах, босоход хүндрэлтэй болох, тоглох алхахаас татгалзах. Нэг эсвэл хоёр өвдөгний хөдөлгөөн багасах.
Арын хөлийг саажилтанд хүргэдэг нугасны эмгэг (Canine Degenerative Myelopathy)
Шалтгаан: Яг тодорхой шалтгааныг тогтоогоогүй, удамшлынх байх боломжтой. Ихэвчлэн 5-14 настай нохойд илэрдэг.
Илрэх шинж тэмдгүүд: Хойд хөл сульдах, хумсаа чирэх, тэнцвэрээ алдах; алхах, үсрэхэд бэрх болох; арын хөлний булчин сулрах, чичрэх, сарвууны үе дээрээ алхах зэрэг.
Өсөлтийн дааврын дутагдал (Pituitary dwarfism)- Удамшлын эмгэг. Өсөлтөнд нь нөлөөлж одой болох, мөн амьдрах насыг багасгана. 2-6 сартайд илэрнэ.
Хошногоны идээт үрэвсэл (Anal furunculosis) Шулуун гэдэсний орчимд шархалж маш их өвдөлт өгдөг өвчин. Ихэвчлэн үржил хаалгах мэс засал хийлгээгүй 4-7 насны эр нохойд тохиолддог.
Шинж тэмдэг: цустай ялгадас гарах, бие засахад зовиуртай байх, хоолны дуршил буурах, сүүл болон анус орчмоо хэт их долоох, суух дургүй болох, сүүлээ хөдөлгөхгүй байх, сүүл болон бөгсөн бие орчмоор хүрэхэд уурлах, догшин зан авиртай болох.
Удамшлын нүдний эмгэг (Inherited eye disease) катаракт болон нүдний торлог бүрхүүлийн эмгэг, эмчлэхгүй удвал сохрох аюултай. Ихэвчлэн хөгшин нохойд илэрнэ.
Саа өвчин (Epilepsy)-Таталт өгөхөд хүргэдэг, тархины эмгэг. Ихэвчлэн удамшлынх, 6 сартайгаас 3 хүртэлх насанд илэрнэ.
Цус алдах эмгэг (Haemophilia A and B)
Цусны бүлэгнэхийг зогсоож, альваа шархнаас их хэмжээний цус алдахад хүргэдэг.
Зүрх судасны өвчинд өртөмтгий. Аль ч насны герман хоньч нохойд тохиолдож болно. Эрт илрүүлснээр эмчлэх боломжтой. Мөн биеийн зохистой жин, шүдний эрүүл ахуй нь зүрх судасны өвчин тусахаас урьдчилан сэргийлнэ.
Эдгээрээс гадна өөр олон төрлийн өвчин эмгэгт өртөж болох тул цаг тухайд нь вакцин хийлгэх болон эмчийн үзлэгт хамрагдаарай. Үржил хаалгах мэс засал хийлгэснээр зарим төрлийн хорт хавдар тусахаас сэргийлэнэ. Урьдчилан сэргийлэх нь өвдсөн хойно эмчлэхээс илүү дээр билээ.
Comments
Post a Comment